Банкны танилцуулга

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ



ХЭТИЙН ЗОРИЛТ

Монгол Улсаа өрсөлдөх чадвар сайтай, өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан, түүнийг олон салбарт төрөлжүүлсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн, орчин үеийн санхүүгийн оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэгч тэргүүний байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил
  • Мэргэжлийн бүтээлч хандлага
  • Ёс зүй, шударга байдал
  • Хамтын ажиллагаа
  • Байгууллагын ажилтан

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараагаар Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталж, Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон.

Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банк, Удирдлагын багийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдснаар БНСУ-ын Хөгжлийн банкны 5 мэргэжилтэн ирж 2013 оны 05 дугаар сар хүртэл хамтран ажилласан. Дээрх хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжсон тул Монгол Улсын Засгийн газар 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 192 дугаар тогтоолоор “МУХБ, БНСУ-ын Хөгжлийн банк болон Удирдлагын багийн хооронд байгуулсан “Удирдлагын гэрээ"-г дуусгавар болгохоор шийдвэрлэж, Гүйцэтгэх удирдлагыг үндэсний мэргэжилтнүүд дангаар хэрэгжүүлж байна.

МУХБ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой бөгөөд дараах төсөл хөтөлбөрүүдийг эхний ээлжинд санхүүжүүлж байна. Үүнд:

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтанд орсон төсөл, хөтөлбөр.

Эдгээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор 800.0 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрсөн. Манай банк өрийн бичгээ олон улсын зэх зээлд арилжаалах бэлтгэл ажлаа 2011 оны 8 сараас эрчимтэй эхлүүлсний үр дүнд 2011 оны 11 сарын 30-нд 600.0 сая ам.долларын “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр"-ийг амжилттайгаар байгуулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 20.0 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан. Улмаар 2012 оны 3 дугаар сард 580.0 сая ам.долларын бондоо олон улсын зах зээл дээр 5.75%-ийн хүүтэйгээр амжилттай арилжаалж чадсан юм. Олон улсын зах зээл дээр Монгол Улсыг төлөөлж гаргасан энэхүү бондыг худалдаж авахаар 300 гаруй хөрөнгө оруулагчдаас нийт 6.25 тэрбум ам.долларын захиалга ирсэн бөгөөд олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа болсон хэмээн үнэлсэн.

Ийнхүү Монгол Улсынхаа хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой хэмжээнд бүрдүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг санхүүжүүлж буй Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид нийгэм, эдийн засагт ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх боломжийг ханган ажиллаж байна.